Нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр шалгарсан “MDS and KhanLex” ХХН, “Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо” ТББ, “Хөгжлийн санаачлага бодлого судлалын төв” ТББ, “SICA” ХХК-ын төлөөлөл бүхий шинжээчдийн 4 баг Авлигатай тэмцэх газрын даргын 2015 оны А/88 дугаар тушаалаар баталсан “Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлэх аргачлал”-ын дагуу төрийн байгууллагуудын 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагаанд үнэлгээ хийж, дүнг ирүүлээд байна. Энэ үнэлгээ нь 3 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд хөндлөнгийн шинжээчид үнэлдгээрээ онцлог билээ.
Энэхүү үнэлгээний агуулга нь төрийн байгууллагын авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх, хэрэгжилтийг хангуулах, албан хаагчдын шударга байдлыг нэмэгдүүлэх, авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлэл, санал санаачилга, хүчин чармайлтыг дэмжих, үлгэр жишээ, тэргүүн туршлагыг илрүүлэн түгээн дэлгэрүүлэх, байгууллага хоорондын өрсөлдөөнийг бий болгох, төрийн байгууллагын үйл ажиллагааны, хүний нөөцийн, төсөв санхүү, худалдан авах ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, иргэд байгууллагын зүгээс уг үйл ажиллагаанд хяналт тавих боломжийг олгох, энэхүү үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагыг татан оролцуулах явдал юм
Энэ удаагийн үнэлгээнд Улсын Их Хурлаас байгууллагддаг 7 байгууллага /Монголбанк, Сонгуулийн ерөнхий хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний аудитын газар, Үндэсний статистикийн хороо, Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс/, 15 яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч 28 агентлаг /Зэвсэгт хүчний жанжин штаб, Тагнуулын ерөнхий газар үнэлгээнд хамрагдаагүй/, аймаг, нийслэл 22, нийслэлийн 9 дүүрэг, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 39 хуулийн этгээд, Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний 2 байгууллага /Шүүхийн шинжилгээний хүрээлэн, Хууль сахиулахын их сургууль/, нийт 122 байгууллага хамрагдлаа.
