Мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжлийг таниулдаг “ICT-EXPО-2014” үзэсгэлэн уламжлал болгон 8 дахь жилдээ “Дэвшилтэт технологи-Ухаалаг хэрэглээ ”уриан дор энэ сарын 22-26-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулагдах гэж буйтай холбогдуулан тус салбарын удирдлагууд хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа, ХХЗХ-ныдарга Б.Балгансүрэн, Скайтел компаний захирал Д.Болор, ДДЭШТВ компанийн захирал Д.Ганболд нар оролцлоо.
Үзэсгэлэнд тус салбарт үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй байгууллагууд оролцож бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулахаас гадна Цахим засгийг хөгжүүлэх зорилтын хүрээнд мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан төрөөс иргэдэд хүрч буй бүх төрлийн үйлчилгээ болон салбарын стратегийн 7 зорилтын хүрээнд хийгдэж буй ажлуудаа танилцуулах юм байна. Мөн тус салбарын сүүлийн үеийн хөгжлийн хандлага, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон, шинэ технологийг олон нийтэд танилцуулах бөгөөд арга хэмжээ Монгол Улсад Орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 93 жилийн ой, Скайтел компанийн 15 жилийн ойн хүрээнд болж буй юм.
Тус үзэсгэлэнгийн үеэр уламжлал ёсоор шилдэг технологи, шилдэг үйлчилгээ, шилдэг санаачлага, тэргүүний хөрөнгө оруулагч, шилдэг шийдэл, шилдэг бүтээгдэхүүн, хэрэглэгчийн таашаалд нийцсэн үйлчилгээг олон нийтийн санал асуулгаар, үзэсгэлэнгийн шилдэг оролцогч, санаачлагатай оролцогч, өвөрмөц оролцогчыг зохион байгуулах хорооны саналаар тодруулах юм.
Мөн ойн арга хэмжээний хүрээнд “Хиймэл дагуул-бидний гараар ”сэдэвт “КАНСАТ” сонирхогчийн хиймэл дагуул зохион бүтээх үндэсний хоёрдугаар уралдаан, “Радио Монгол” Эрдэм шинжилгээний бага хурал, Ази номхон далайн бүсийн цахилгаан холбооны байгууллага (APT)-тай хамтран Ази номхон далайн бүсийн орнуудын “Кибер аюулгүй байдлын 5 дугаар форум”-ыг энэ сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд уг арга хэмжээнд дэлхийн 21 орны төлөөлөгчид оролцоно.