logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Байгууллагын түүх
    • Эрхэм зорилго
    • Газар, албадууд
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
    • ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Хяналт шинжилгээ
        • Тухайн жилийн хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө
        • Хяналт шалгалтын дүгнэлт, зөвлөмж
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
      • Төлбөр хураамж
      ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
      • Хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах үйл ажиллагааны ил тод байдлын мэдээ
      • Тендер
        • Тендерийн урилга
        • Тендерийн нээлт
        • Шалгарсан тендер
      ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛ
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн стратеги
      • Ёс зүйн хороо
      • Сургалт
      • Хүний нөөцийн судалгаа
      • Дүрэм журам
  • Хууль, эрх зүй
  • Блог
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Блог
  • БНСУ ХЭРХЭН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИОРОО ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ УЛС БОЛЖ ЧАДАВ?

БНСУ ХЭРХЭН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИОРОО ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ УЛС БОЛЖ ЧАДАВ?

post image1
August 13, 2020 59

“Хаанаас ч сүлжээнд холбогдох” гэдэг ойлголт Солонгос улсын хувьд зүгээр нэг орчин үеийн трэнд хэллэг биш юм. Энэ бол тэдний амьдралын хэв маяг. Төрөл бүрийн дижитал төхөөрөмж ашиглан утасгүй интернэтэд гэрлийн хурдаар холбогдож, дэлхийн хамгийн connected буюу цахимжсан ард түмэн гэдгээрээ Солонгосчууд ихээхэн бахархдаг. Нийслэл хот болох Сөүлийн гэрэлт гудамжаар алхаж явахад дижитал ирээдүйд ирчихсэн мэт сэтгэгдэл төрөх нь лавтай. Ихэнх дэлгүүрүүдэд цахим төлбөрийг хүлээн авна. Таксины жолооч гэхэд л нэг биш бүр дөрөв, түүнээс дээш дэлгэцийг хяналтын самбар дээрээ суурилуулсан байхыг олж харна. Зөвхөн хотын дэгжин залуучууд гэлтгүй, улс даяараа шинэ технологийг өдөр тутмын амьдралдаа ашиглан хэвшжээ.

Электроникийн болон мэдээлэл, харилцаа холбооны технологийн үйлдвэрлэлээрээ дэлхийг байлдан дагуулж буй Samsung, LG, SK, KT зэрэг компаниудын өлгий нутаг болох БНСУ-ыг мэдээллийн технологиороо дэлхийд тэргүүлэгч улс гэж цоллодогийг ойлгож ядах зүйлгүй. Эдийн засгийн өсөлт нь тоон технологиор илэрхийлэгддэг буюу тоон эдийн засгийн хөгжил эрчимтэй өрнөж байгаа улсын тоонд зүй ёсоор багтаж байна. Өрхийн интернэт үйлчилгээний нэвтрэлтийн тоо болон интернэтийн хурдаар дэлхийд тэргүүлж байгаагаар үл барам 5G технологийг анхлан нэвтрүүлэхээр зорьж байна.   

Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гаргадаг Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн индекс (IDI)-ээр сүүлийн 5 жилийн хугацаанд эхний 3 байрт багтаж, Bloomberg-ийн Инновацийн индексээр “Хамгийн дэвшилтэт эдийн засаг”-тай улсаар шалгарсан байна. Ийнхүү “БНСУ хэрхэн технологийн манлайлагч болж чадав?”,  “Дижитал шилжилтийг хөгжүүлэх томоохон үсрэлтийг хийхэд ямар шат дамжлагыг дамжив?”, “Бусад улс орнууд хэрхэн туршлага судлах вэ?” зэрэг асуултад хариулт олох гэж оролдъё.  

Энэхүү азийн улс нэг сайхан нартай өдөр аз тохиогоод технологийн салбарын “аварга загас” болчихоогүй юм. 1950-иад оны дунд үед Солонгосын дайны төгсгөл ирэх үед энэ улс дэлхийн хамгийн ядуу улсын нэг байв. Гэвч орчин үеийн технологийн хөгжлийг дэмжсэн төрийн бодлого, хөрөнгө оруулалтын ачаар хэдхэн арван жилийн хугацаанд бүсийнхээ хамгийн үсрэнгүй хөгжилтэй орны нэг болж чаджээ. Сөүл хотын худалдаа, бизнесийн гол төв болох Гангнам дүүрэгт байрлах Солонгосын мэдээлэл, харилцаа холбоог дэмжих нийгэмлэг (Korea Association for ICT Promotion)-ы Дэд Ерөнхийлөгч Др. Сенг Кеон Кимтэй хийсэн ярилцлагаараа дижитал ирээдүй рүү хийсэн Солонгос улсын аяллын түүхийг хуваалцахыг хүслээ. 

“Төр буюу засгийн газрын зүгээс дижитал эдийн засаг руу шилжих шилжилтийг хурдасгах том амбиц, хүсэл эрмэлзэл байсны үр дүнд БНСУ шинэчлэлтийг амжилттай хийж чадсан.” гэж тэрээр ярилаа. Мөн дижитал эдийн засгийн үндэс суурийг тавихад тэргүүлэх боловсролын систем, соёлын онцлог болон мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр төрөөс баримтлах бодлого, чиглэл гэсэн гурван хүчин зүйл маш чухал гэдгийг онцлов.

21 дүгээр зууны сурагчид

Солонгос улсад юунаас ч илүү боловсролын үнэ цэнийг өндрөөр үнэлдэг. “Миний эцгийн үеийн олон хүмүүсийн хувьд боловсрол бол ядуурлыг даван туулах шат гэж тооцогддог байсан.” гэж Др.Ким хэлэв. Энэ улсын боловсролын систем нь дижитал эдийн засаг дахь ажил мэргэжлийн суурь судлахуй болох математик, шинжлэх ухаан зэрэг уламжлалт хичээлүүдийг чухалчилдаг хэдий ч хуучин шиг үзэг, дэвтэр нийлүүлж, сурах бичиг шагайх аргачлалаар хичээлээ явуулдаггүй байна. Харин 21 дүгээр зууны сурагчдыг бэлтгэх зорилго дэвшүүлэн бүх шатны боловсролын түвшинд мэдээллийн технологийн нэгдсэн системтэй болсон байна.

“Утасгүй интернэт, электрон самбар, VR төхөөрөмж, зөөврийн компьютер, таблет, дижитал ном зэргийг сурагч бүр эсхүл ангиараа, хамт олноороо хэрэглэж байна. Хамгийн гол зорилго бол 21 дүгээр зууны сурагчдын чадавхыг бэхжүүлэх явдал бөгөөд бид “4 Си” буюу шүүмжлэлт сэтгэлгээ ба асуудлыг шийдвэрлэх чадвар (Critical thinking and problem solving), хамтын ажиллагаа (Collaboration), зан төлөв (Character), харилцаа (Communication) зарчмыг чухалчилдаг. Энэ цаг үед програм хангамжийн мэргэжлээр хангалттай хүний нөөц байгаа гэж үзэж буй тул бид тооцоолон бодох сэтгэлгээг хөгжүүлэх тал дээр илүүтэй анхаарч байгаа.” хэмээн Гвангжу их сургуулийн Компьютерийн боловсролын газрын профессор багш Жеон Ран Ким хэлэв.   

“Бали бали”

Дижитал шилжилт хийхэд боловсрол чухал бүрэлдэхүүн мөн хэдий ч др. Кимийн хэлснээр нийгмийн өөрчлөлтийг хурдасгахад соёлын онцлог томоохон үүрэг гүйцэтгэсэн. Ялангуяа мэдээлэл, харилцаа холбооны технологийг зогсолтгүй нэвтрүүлэх үйл хэргийн ард хуй салхи мэт хурдаар, атгасан гар мэт хүчээр нэгдсэн Солонгосын ард түмний хүсэл эрмэлзэл байсан юм.   

“Солонгосоор “Бали бали” гэдэг нь “Хурдал, хурдал” гэсэн үг бөгөөд энэ нь яг л мэдээллийн технологийн тухай хэлж буй аятай. Шинэ дэвшилтэт технологийг хурдан шуурхай нэвтрүүлэх эрмэлзэл болон нөхцөл байдал, цаг үетэй нь уялдуулсан төлөвлөлтийг нэгтгэж чадсанаар БНСУ орчин үеийн тоон эдийн засгийн хүчтэй өрсөлдөгч болж чадсан.” гэж др. Ким нэмж хэлэв.

Засгийн газрын үүрэг оролцоо

БНСУ-ын эрх баригчид 2004 онд хот, хөдөөгийн тоон хуваагдлыг арилгах зорилгоор Өргөн зурвасын нэгдсэн сүлжээ (Broadband Convergence Network)-г байгуулахаар шийдсэн бөгөөд ингэснээрээ нутаг дэвсгэрийнхээ алслагдсан өнцөг булан бүрээ сүлжээнд холбож чадсан анхны улсуудын нэг болжээ. Тухайн үед нилээдгүй иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байсан хэдий ч эрх баригчдын зүгээс ихээхэн дэмжиж, хэдийгээр мөнгө санхүү их зарцуулагдах ч тохиромжтой цаг үе нь мөн юм хэмээн үзэж, алдаа дутагдал гарсан тохиолдолд засаж залруулан, цааш явахаар шийдвэрлэж байв.   

1990-ээд оны буюу интернэт дөнгөж “төрж” байсан үеээс л Засгийн газрын дэмжлэг хүчтэй байсан бөгөөд тухайлбал, 1990-ээд оны сүүлчээр интернэт сүлжээний хэрэглээг нэмэгдүүлэх, улмаар 10 сая иргэдэд тоон бичиг үсгийн сургалтыг зохион байгуулах үндсэн үүрэг бүхий Солонгосын дижитал боломжийг дэлгэрүүлэх газар (Korea Agency for Digital Opportunity & Promotion) шинээр байгуулсан байдаг. Түүнчлэн Засгийн газраас ДНБ-ийн багагүй хувийг Судалгаа, хөгжлийн төслүүдэд хуваарилж, шинэ технологийн үйлдвэрлэлд томоохон хэмжээний шууд хөрөнгө оруулалтыг хийж байлаа.

“БНСУ нь судалгаа, хөгжлийн төсөвтөө ихээхэн анхаарал хандуулдаг улс орны нэг бөгөөд жилд ДНБ-ийн 5 орчим хувийг зарцуулдаг нь магад дэлхийд нэг эсвэл хоёрт эрэмбэлэгдэх болов уу.” хэмээн Мэдээллийн технологийн үндэсний үйлдвэрлэлийг дэмжих газрын Ерөнхийлөгч Жон Лок Юүн ярив. Энэ хувь нь бага юм шиг санагдавч Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (Organization for Economic Cooperation and Development)-ын судалгааны дагуу Солонгос улс тоон дүнгээр 91 их наяд ам.доллар судалгаа, хөгжилд зарцуулдаг гээд бодвол энэ төрлийн үйл ажиллагаанд зарцуулах хувь хэмжээгээрээ Израйлын дараа дэлхийд 2 дугаарт орж байна. Технологид зориулах хөрөнгө оруулалтаараа дэлхийд тэргүүлж буй энэ орон ухаалаг хотын технологи, дараа үеийн буюу 5G утасгүй холбооны үйлчилгээг нэвтрүүлэн аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалд бэлдэж байна.

Алсын хараа: Ухаалаг хот, Юмсын интернэт ба 5G

Хүн амын тоогоороо 2 дугаарт бичигддэг Бусан хот нь БНСУ-ын хамгийн том далайн боомт бөгөөд дэлхийн шилдэг 10-т багтах агуулах боомт гэдгээрээ тус улсын эдийн засгийн чухал цэг юм. Сүүлийн жилүүдэд иргэдийнхээ амжиргааг сайжруулахад технологийн дэвшлийг ашиглах болсноор ирээдүйн Ухаалаг хот хэмээн нэрлэгдэх боллоо. Өнгөрсөн намар болсон Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Telecom World арга хэмжээний үеэр Бусан хотын Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч дарга Ким Ёнг Ван хамгийн анхны бүрэн “Ухаалаг хот” болох гэж байгаагаа “гайхуулан” танилцуулжээ. Бусанд нийгмийн аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөнийг удирдах, хотын амьжиргааг сайжруулах, эрчим хүчийг хэмнэх чиглэлээр Ухаалаг хотын төслүүд хэрэгжээд эхэлжээ. Замын хөдөлгөөний урсгалыг хянах, real-time буюу хугацааны хоцрогдолгүй мэдээллийн урсгалыг онцгой байдал, яаралтай тусламжийн үйлчилгээнд ашиглах нээлттэй өгөгдлийн төслүүдийг хэрэгжүүлж, мэдээлэл хяналтын системийг нэвтрүүлсэн байна. Ухаалаг хотын оршин суугчдын амьдралыг илүү тав тухтай болгох зорилгоор Юмсын интернэтийн шийдэл, үүлэн архитектурт технологид суурилсан бусад төслүүд ч туршилтын шатандаа явж байна.

Ухаалаг хотын шийдлээс гадна тус улс дараа үеийн өргөн зурвасын утасгүй холбооны 5G технологийг хөгжүүлэн, бусад улсаас түрүүлж нэвтрүүлэхээр зориж байна. 5G технологи нь аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын дэд бүтцийн үндсэн суурь юм. Учир нь гэвэл дараа жил гэхэд дэлхий даяар 30 гаруй их наяд төхөөрөмжийг ашиглан утасгүй холболт хийдэг болно гэдэг тооцоолол байдаг бөгөөд эдгээр холболтын найдвартай байдал, өсөн нэмэгдэх эрэлт хэрэгцээг гагцхүү 5G технологи л хангаж чадна.  

Хэрэв та 2018 оны Пенчаны өвлийн олимпийг очиж үзсэн бол дараа үеийн технологийг өөрийн биеэр туршиж үзэх боломж тохиосон нь лавтай. Энэхүү олимпоор мэдээлэл, харилцаа холбооны дэвшлийг Олимпын наадмын хөтөлбөртэй хэрхэн оновчтой уялдуулсныг та харсан л байх. 360 хэмээр харуулдаг камераар өндөр хурдны 5G утасгүй сүлжээг ашиглан Олимпын тоглолтуудыг дэлхий нийтээрээ алган дээрээ буй мэт үзэж сонирхцгоосон билээ.

Ингээд харахад БНСУ нь 5G технологи, Ухаалаг хотын шийдэл, аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалыг удирдан манлайлах нь гарцаагүй байна.  

Эх сурвалж: https://news.itu.int/

Нийтлэлч: Theadora Mills, ITU News

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.